УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг 2022 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар Сангийн яамнаас мэдээлэл сонссоноос гадна Цэцийн гуравдугаар дүгнэлтийг хэлэлцжээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг. УИХ-д 13 суудалтай АН-ын бүлэг Н.Алтанхуяг нэр дэвшигчийг дэмжиж байгаа" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан "Үе үеийн АН-ын дарга нарын барьж байсан тамгыг О.Цогтгэрэл дарга барьж байгаа. Харин нөгөө талд шинээр тамга хийлгэсэн. Тэр тамга хүчингүй. Тэр тамгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл" гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хуралд оролцож Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. С.Эрдэнэ гэдэг нэр дэвшигчийг тодруулсан хүмүүс дунд нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Тиймээс УИХ-д суудалтай төлөөллөөс нэр дэвшсэн хүнийг нь бүртгэх ёстой" гэсэн юм.