Энэтхэг улсад коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан ГХЯ Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболдтой халдварын нөхцөл байдал, тэнд байгаа монгол иргэдийн талаар цахимаар холбогдон, мэдээлэл авчээ.
Элчин сайд Г.Ганболд "БНЭУ-д суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, арилжааны болон албан хэргээр ирсэн гээд манай улсын 1000 орчим иргэн байдаг.
Өнгөрсөн 2020 онд иргэдийн хүсэлтийн дагуу дөрвөн удаагийн, 2021 онд хоёр удаагийн тусгай нислэг зохион байгуулж, 700 гаруй иргэн эх орондоо буцсан. Үүнд оюутан, байнга оршин суудаг болон богино хугацааны сургалтад ирсэн иргэд багтсан.
Одоо 280 монгол иргэн Энэтхэг улсад байна. Эдгээр иргэний олонх нь буюу 270 гаруй нь бурхны шашны ном үздэг, хэд, хэдэн газар хийдэд шавилан сурч байна.
Энэ онд хийсэн тусгай үүргийн нислэгээр иргэдээ буцаасан. Цаашдаа ч хүсэлтийг хүлээн авч, явуулна.
Эх орон руугаа буцах хүсэлтэй иргэд ЭСЯ-нд хандана. Одоогоор 20 гаруй иргэн эх орондоо буцах санал хэлж байгаа. Шалтгаан нь хичээл ном, шалгалтаа дууссан гэж байгаа. Тавдугаар сарын төгсгөлд нутаг буцах иргэд нэмэгдэх болов уу.
ЭСЯ-наас иргэдэд мэдээлэх зарчим гэж байдаг. Хоёр долоо хоногт гэх мэтчилэн нөхцөл байдлаас шалтгаалан хуваарь гаргаж, мэдээлэл өгдөг. Түүнээс гадна иргэдтэй онлайнаар харилцаж байна.
Энэтхэг улс дотооддоо 160 сая орчим иргэнээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна. Наймдугаар сар хүртэл 300 сая иргэнээ вакцинжуулна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын гэлтгүй бүх иргэд хамрагдаж байгаа.
Гадны иргэд долоодугаар сарын 1-нээс вакцинд хамрагдах бэлтгэл ажил эхэлсэн явцтай. Манай улсын ламхай нар оршин суугаа газраа вакцинд хамрагдахаар бүртгүүлж байгаа. Вакцинжуулалт эхлэхээр хамрагдаад явна.
Манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүс ялангуяа Энэтхэгт анд нөхөд, үр хүүхэд нь байдаг хүмүүс санаа зовж байна гэсэн мэдээлэл их ирдэг. Тэдэнд хандаад хэлэхэд нөхцөл байдал амаргүй байгаа. Гэхдээ шийдэж болохооргүй нөхцөл байдал үүсээгүй байна. Коронавирусийн халдвар авсан хүний тоо сая огцом нэмэгдлээ. Энэ нь иргэдийн анхаарал суларч, олныг хамарсан улс төрийн арга хэмжээ зохион байгуулагдсан, халдвар хамгааллын дэглэмээ муу сахиснаас болох шиг боллоо. Мөн шинэ төрлийн нянгууд гарсан нь нөлөөллөө. Тус улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч байна. Ойрын дөрвөн долоо хоногт халдварын нөхцөл ямар болох нь харагдах байх.
Цаг үеийн байдал амаргүй байгаа ч Монгол, Энэтхэг Улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил эрчимтэй явагдаж байна.
Манай улс газрын баялаг ихтэй, коксжих нүүрсийг Энэтхэг улсад тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх яриа хэлэлцээ явагдаж байна. Онлайнаар хурал хийгдэж байгаа. Яриа хэлэлцээ нааштай чиг хандлагатай харагдаж байна. Гэхдээ үүнийг өнөө, маргаашдаа гэж хэлэх болоогүй.
Манай төр засаг, иргэдийн зүгээс Энэтхэгийн байдалд анхаарал хандуулж байна. Байдал ойрын үед нэг тийшээ тодорхой болох байх гэж бодож байна.
Энэтхэг улс манай улсад хамгийн түрүүнд нэн шаардлагатай байсан коронавирусийн эсрэг вакциныг нийлүүлсэн. Цаашид нэмж авах талаар ажиллаж байна" хэмээн ярилаа.