Гашуунсухайт хилийн боомтод Covid-19 халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспорт тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарсан тээврийн жолооч нарыг Хятадын талд PCR шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон
Энэ талаар Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс тодруулахад “Одоогоор Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон. Тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон. БНХАУ-д тавдугаар сарын 1-3-нд Майн баярыг тэмдэглэн бүх нийтээрээ амардаг. Маргаашнаас Хятадын талаас хилээ нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарыг давтан шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн жолоочийг ХӨСҮТ рүү явуулсан. Одоогоор түүний шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. Энэ хугацаанд жолооч нарыг шинжилгээнд хамруулж байна” гэлээ.
Жолооч нараас шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулж байна
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ажлын хэсэг гарч, Хятадын талтай нүүрсний экспортоо сэргээх чиглэлээр ажиллаж байна. Бид Өмнөговь аймагт дөнгөж ирээд байна. Одоогоор хил хаагдчихсан учраас нүүрс татан авалт зогссон. Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтын нэг, хоёрдугаар тунд хамруулах ажил өрнөж байна. Вакцинд хамрагдахын өмнө PCR шинжилгээ авч байна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 25 хүний бүрэлдэхүүнтэй таван автомашинтай мэргэжлийн баг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд тандалт судалгаа хийж байгаа аж. Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр хоногийн хугацаанд 3000 хүнээс шинжилгээ авч үр дүнг тооцон, вакцин хийлгээгүй үлдсэн бүх хүнийг дархлаажуулах юм байна.