Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн.
Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна.
“Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй”
Factcheck: ХУДАЛ
Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор вакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Өвдөөд эдгэрсэн хүний, эсвэл вакцин тариулсан хүний эсийн ба шингэний дархлааг үнэлэх судалгаа, шинжилгээний олон аргууд байдаг ба эдгээр аргуудыг гадаадын өндөр хөгжилтэй улсууд ашиглаж хүн амынхаа дархлаажуулалтын байдлыг үнэлж байна.
“Гэтэл Израильд асар олон хүн Файзер хийлгэсэн. Гаж нөлөө гарч ирсэн нь 30 наснаас доош залуучуудад хийх юм бол зүрхний булчингийн үрэвсэл өгч байна. Тэгэхээр залууст Файзер хэрэггүй юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Эндээс үзэхэд 30-аас доош насныханд Файзер хэрэггүй. Бусад нь болно”
Factcheck: ХУДАЛ
Израил улсад хийсэн 514 хүнийг хамруулсан судалгаанд 30 наснаас доош 21 хүнд вакцины эхний тунгийн дараа ямар нэг хүндрэлийн тухай мэдээлэл байсангүй.
16 болон түүнээс дээш настай 43,548 хүнд хийсэн судалгаанд Файзер вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн ба вакцины шалтгаантай зүрхний булчингийн үрэвслийн тохиолдол нэг ч байсангүй.
Насанд хүрэгчдэд Файзер вакцин аюулгүй, үр дүнтэй нь нотлогдсон учир 12-оос доош насны 4644 хүүхэд, 12-оос дээш насны 43998 хүүхдийг хамруулсан судалгаа үргэлжилж байна.
“АстраЗенека хийхэд 60-аас доош насныхан, ялангуяа минипаус болсон эмэгтэйчүүдэд судас бүлэгнэх хам шинж өгч байна гээд батлагдсан”
Factcheck: ХУДАЛ
2021 оны 3-р сарын 18-ны өдөр Европын Анагаах Ухааны Холбоо цусны бүлэгнэл нь Астразенека вакцинтай холбоотой эсэхийг батлаагүй. Цус бүлэгнэл нь маш ховор тохиолдолд цусны ялтас эс багатай хүмүүст үүсч болох бөгөөд АстраЗенека вакцин хийлгэсэн Европын холбооны улсуудын 20 сая хүнээс 25 цусны бүлэгнэл үүссэн тохиолдлыг авч үзжээ. Цусны бүлэгнэл нь вакцинтай холбоотой эсэх нь эцэслэн батлагдаагүй байна.
Нягталсан: АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Хонгорзул
Ашигласан эх сурвалжууд:
https://www.eurosurveillance.org/docserver/fulltext/eurosurveillance/26/6/eurosurv-26-6-1.pdf?expires=1619779268&id=id&accname=guest&checksum=A4B1D08FD142A9FCF15409D4AC761157
https://www.nejm.org/doi/pdf/10.1056/NEJMoa2034577?articleTools=true
https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04816643
https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04368728
Цар тахлын энэ үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг FactCheck.mn дахин дахин сануулж байна.
Эх сурвалж: Factcheck.mn