Сүүлийн үед нийслэл хотод коронавирусийн халдвар эрчимжиж буйтай холбоотойгоор олны танил буюу урлаг соёлынхон халдвар авсан талаараа цахим хаягтаа мэдээлэх болсон.
Тэгвэл “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн коронавирусийн халдвар аваад эдгэрчээ.
Тэрээр энэ талаараа өөрийнхө цахим хуудсанд “Ковид-19 бол ханиад биш аймшигт өвчин юм байна. Би ковид тусаад эхэндээ мэдэхгүй даарч хөрч, гэртээ ес хоног өндөр халуурч, ханиалгатай амьсгаа ойртож хахаж цацаж муудаад эмнэлэгт хүргэгдэн нийт 11 хоног эрчимт эмчилгээ хийлгэж цасан шуургатай өдөр хэвтэж цасан бороотой өдөр буюу өнөөдөр эмнэлгээс гарлаа.
Эхэндээ хоолойн өвчин шиг хоолой хорсож нус гарч гэмгүй эхэлж улмаар өндөр халуурч амт үнэр мэдрэхгүй болж нэг өдөр нуруу бөөр нэг өдөр толгой тархи нэг өдөр булчин гээд өвдөхгүй юмгүй болдог юм байна. Ер нь биеэ муутгаж дордож байхаар эмнэлэгт хандаж хэвтэх нь чухал бөгөөд зөв зам юм. Би ч ковидоор өвдөөгүй тусаагүй байх үедээ “2019 онд тусаад эдгэсэн байх; хэмээн итгэж ярьж “өвчин биш ханиад юм билээ” гэж их додьгор бодолтой мунхаглаж явсанаа бас энд нуулгүй хэлчихье! Бид буруу бодож байна шүү!!! Та минь ээ.
Бид хамгийн гол нь хайртай дотны хүнээ энэ муухай өвчнөөс болж амь насын алдаж илүү олон хүн ингэж өвдөж шаналж хохирч дордож уушигандаа шархтай зовиуртай болгохгүйн тулд хүн бүр ухамсарлаж хичээж гэртээ л байхыг та бүхэндээ уриалж байна.
Нийт эрчимт эмчилгээ хариуцаж буй эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, дадлагжигч, хамгаалагч эмнэлгийн ажилтан алба хаагч нартаа болон гэр бүл ах дүүс найз нөхөд хамт олондоо баярлалаа” гэжээ.