АН-аас өнөөдөр 4/11 сэтгүүлчидтэй хийх мэдээллийн цагаараа Улсын Дээд шүүхийн шийдвэр болоод Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Мөн сурталчилгаа буюу хоёр удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдана. Нийт 140 мянган гишүүн маань нэр дэвшигчээ сонгоно. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр олон нийтэд зарласан тодорхой болсон хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болох байх. Нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшигчийн энэ сарын 30-ны 09.00-15.00 цаг хүртэл бүртгэнэ. Сурталчилгааны ажил мөн цаг эхэлнэ. Харин санал хураалт тавдугаар сарын 1-нд 09.00-22.00 цаг хүртэл явагдахаар товлосон. Нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу бүртгэнэ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод асуудал, маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчмыг барьсан. АН Ерөнхийлөгчийн сонгуульд орохоо болилоо гээд буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль.
Одоогийн байдлаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар илэрхийлээд байгаа юм.