Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй юм. Улаан бүсэд коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж, амиа алджээ. УНТЭ-ийн хэд хэдэн эмч, сувилагч болон тэдний ар гэрийнхэн коронавирусийн халдвар авсан. Эмнэлгүүдэд халдварын нөхцөл байдал амаргүй байгааг эмнэлгийн эмч хэлж байна.
Амиа алдсан сувилагч нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан бөгөөд 2-3 хоногийн өмнө улаан бүсэд томилогдон ковидтой өвчтөнүүдэд тусламж үзүүлж эхэлжээ. Сувилагч бүсгүй өчигдөр орой цагийн тариагаа хийчихээд, Сувилагчийн постондоо ирээд зөв зүгээр ажлаа хийж байсан хэмээн хамт ажиллагсад нь ярьжээ.
Ийм алхам хийх ямар учир шалтгаан байсан нь одоогоор хариултгүй байна. Энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлжээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, "Сүхбаатар дүүргийн 1-р хороо “1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ны 00:23-д цагдаагийн байгууллагад ирснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. /1-р эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч/" гэдэг мэдээлэл өглөө.