Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотод Оросын хүмүүнлэгийн тусламжийг ачсан Онцгой байдлын яамны эхний онгоц дөрөвдүгээр сарын 29-ний өглөө газардлаа. Оросоос хүмүүнлэгийн тусламжийн хоёр онгоц илгээснээс эхнийх нь ийнхүү газарджээ.
"Хүмүүнлэгийн яаралтай тусламж ачсан Оросын Онцгой байдлын яамны яаралтай рейс Энэтхэгт ирлээ" хэмээн Оросын Элчин сайдын яам Фейсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. Хүмүүнлэгийн ачаанд хүчилтөрөгчийн концентраторууд, уушгины хиймэл амьсгалын аппаратууд, орны хажуугийн хяналтын дэлгэц, коронавирусийг эмчлэх эм болон бусад эм бэлдмэлүүд багтсан юм байна.
ОХУ Энэтхэгт яаралтай тусламж үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьсны дараа гаргасан байна. Лхагва гарагт тэд утсаар ярих үеэр халдварын нөхцөл байдал хүнд байгаа үед Путин Модид дэмжлэгийн үгс хэлсний дээр тусламж илгээх талаар мэдэгджээ.
"Өнөөдөр Оросын Онцгой байдлын яамны нислэгүүдээр 22 тонн ачаа тэр дундаа хүчилтөрөгч гаргах 20 аппарат, хиймэл амьсгалын 75 аппарат, 150 эмнэлгийн хяналтын дэлгэц, 200 мянган боодол эм бэлдмэл" илгээнэ хэмээн Кремлийн хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдэж байлаа.
Энд дуулгахад, коронавирусийн халдварын нөхцөл байдал нэн хүнд байгаа Энэтхэг улсад дэлхийн улс орнууд гар сунган тусалсаар байгаа юм. Хамгийн түрүүнд АНУ, Их Британи улсууд тусламжийн ачаа илгээсэн бол бусад орнууд ч тусламж илгээсээр байна. Энэтхэг улс коронавирусийн халдварын тархалтаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд тус улсад COVID-19-ийн тохиолдол 18 сая гаруй бүртгэгдсэнээс 200 мянга гаруй хүн нас баржээ.