ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Манай улсад сүүлийн 24 цагт 1171 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдлаа. Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 657 мянга гаруй хүн ковидоор өвчилжээ. Дэлхийн 180 оронд дархлаажуулалт үргэлжилж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд 262 мянган иргэн вакциныхаа хоёр дахь тунд хамрагдаад байна. Эхний тунд хамрагдах иргэдэд харьяа өрх, дүүргээс нь мэдээлэл өгнө. Тэр дагуу вакцинжуулалтын цэг дээрээ очиж, вакцинаа хийлгэнэ. Хөдөө орон нутагт хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулж байгаа. Дараагийн төлөвлөгөөнд хөдөө орон нутгийн 50-иас дээш насныхныг дархлаажуулах вакцин нийлүүлэх ажил багтана.
Хөхүүл ээжүүд вакцинаа ч хийлгэнэ. Хүүхдээ ч хөхүүлж болно. Вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг эмч үзэх ёстой. Ингээд эсрэг заалт байхгүй бол вакцин хийж болно. АНУ-д гэхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхийг зөвлөж байгаа. Олон судалгаа, шинжилгээний үндсэн дээр жирэмсэн болон суурь өвчтэй хүмүүс аль ч төрлийн вакциныг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно" гэлээ.