АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан. Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм. Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болсон. Харин эдгээр хоёр эрхмийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хоёр тал тус бүрдээ хандаад байсан юм.
АН-аас шинээр сонгогдсон хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар эцэслэнэ. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.