Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарт холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. "Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нэр хүндэд нь халдлаа хэмээн гомдол гаргасан юм. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор энэ хуулийн хугацаа дуусаагүй байна.
Иргэн Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүд бас Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно" гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.