Орон нутаг руу зорчих шалтгаантай иргэд нийслэлд заавал PCR өгч хариу нь гарсны дараа зорчиж байгаа. Тэнгэр плаза дээр авч байгаа PCR шинжилгээний цэгт өдөрт 150 хүнээс шинжилгээ авч байгаа аж. Манай редакцид орон нутгаас хавдрын эмчилгээтэй ирсэн иргэн буцахаар PCR шинжилгээ өгөхөд хүндрэлтэй байгаа асуудлаар хандлаа. Тодруулбал, орон нутаг руу зорчих иргэдийн ачаалал их байгаа учраас иргэд өнөөдөр шинжилгээ өгөхийн тулд шөнийн 03:00 цагаас дугаарлаж байгаагаа учирлалаа.
Шөнө 03:00 цагт Тэнгэр плаза дээрх шинжилгээний цэг дээр очиход хэдийнээ 70 гаруй хүн хонон өнжин дугаарлаж байжээ. Одоо ч тэдгээр иргэд шинжилгээгээ өгөөгүй дугаарласаар байгаа аж. Түүнчлэн хатуу хөл хорионы улмаас гадуур цагийн хязгаарлалттай зорчуулж байгаа учраас аргагүйн эрхэнд Тэнгэр төвийн гадаа машинд хавдартай иргэн шинжилгээний цагаа хүлээн сууна. Өнөөгийн нөхцөл байдалд PCR шинжилгээний хариу нь тэдний хувьд нэвтрэх эрхийн бичиг шиг чухал ач холбогдолтой болсон гэхэд хилсдэхгүй.
Вакицнжуулалтад эмнэлгийн хүчээ дайчлахдаа шинжилгээний цэгүүдийн ачааллаа тооцож болохгүй байсан юм уу, ЭМ-ийн сайд аа. PCR шинжилгээ зайлшгүй өгөх шаардлагатай иргэдийн тоо буураагүй байгаа энэ цаг үед иргэдээ хэдий болтол хонож өнжүүлэн гадаа дугаарлуулах юм бэ? Цар тахал дэгдсэн цагаас зарим нэг зохицуулалт цэгцрэх биш улам л асуудал дагуулан иргэдэд дарамт болсоор байна.