Энэтхэгт нөхцөл байдал нэн хүндэрч, "хүмүүнлэгийн сүйрэл " гэж хэлж болохоор болсон энэ үед АНУ Энэтхэгт яаралтай тусламж үзүүлэхээр болжээ.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, SARS-CoV-2 вирусээс сэргийлэх вакцины түүхий эд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон хамгаалалтын хэрэгслийг Энэтхэг рүү илгээхээр болсон байна.
Түүнчлэн олон улсын энэ дэмжлэгт Герман улс нэгдэхээ илэрхийлжээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн мэдэгдсэнээр Германы сайд нарын танхим Энэтхэгт яаралтай тусламж үзүүлэхээр бэлдэж байгаа гэв.
"Коронавирусийн халдварын улмаас танай улсад учирч буй аймшигтай зовлон шаналалтай холбоотойгоор Энэтхэгийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна" хэмээн Меркель мэдэгджээ. Түүнчлэн "Цар тахалтай хийх тэмцэл бол бид бүгдийн хамтын тэмцэл" хэмээн онцолжээ.
Энэтхэгт өдөрт л олон мянгаараа хүн насан эцэслэж, эмнэлгүүдийн ор дүүрч, шарил чандарлах газрууд ч ачааллаа дийлэхээ больсон энэ үед олон жилийн туршид сайнгүй харилцаатай байсан Пакистан улс ч тусламжийн гараа сунгав.
Пакистан улс Энэтхэг рүү уушгины хиймэл амьсгалын аппаратууд, хүчилтөрөгчийн аппарат, рентген төхөөрөмж, хувийн хамгааах хэрэгслүүдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.