ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад сүүлийн 24 цагт 856 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ.
Дэлхий дахинд ковидын халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлжээ. Дэлхийн 180 улсад явагдаж байгаа вакцинжуулалтын ажил Монгол Улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байна.
Иргэд Д болон С витаминыг эмчийн бичиггүйгээр дур мэдэн ууж байгаа нь зөв эсэх талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Д амин дэмийг өдөрт 1000-2000 нэгжээр хэрэглэх нь хэвийн ч эм, бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгүйгээр хэт өндөр тунгаар хэрэглэх нь буруу юм. С, Д витамины дутагдалгүй хүн ковидоор хүндрэх нь бага байна гэсэн судалгаа дэлхий дахинд бий. Гэхдээ эдгээрийг эмчийн заавраар хэрэглэх нь зөв юм. Хүн өөрөө дархлаагаа сайн байлгахын тулд унтаж амарч, хоол ундаа зөв зохицуулж, сэтгэлзүйн талаасаа эрүүл байж, стрессээ тайлж байхыг хичээх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн солилцоо маш чухал.
Нэг сая тун Спутник V вакцин оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж байна. Мөн 300 мянган тун Спутник V вакциныг бэлэглэнэ гэсэн яриа байгаа. Орж ирэхээр нь иргэддээ мэдээлэл өгнө" гэв.
Мутацид орсон вирусний халдвар илэрсэн талаар Л.Энхсайхан "Вирус хувирч өөрчлөгддөг. Тэр дундаас аль хувилбар нь манай улсад гарсан талаар ХӨСҮТ-ийн болон ЭМЯ-ны вэб сайтуудаар мэдээлэл тавина. Гадагш нь явуулсан шинжилгээний хариу ирээгүй байгаа. Одоогоор мутацид орсон вирусний талаарх мэдээллүүдийг нь нэгтгэж байгаа. Хариу нь гарахаар албан ёсоор мэдээлэл хүргэнэ" гэлээ.