Маргааш АН-аас шинээр сонгогдсон хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар эцэслэн шийднэ. Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын даргаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нь албан ёсоор АН-ын даргаар бүртгэгдэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар онцолсон.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар юм. Мөн Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, З.Энхболд нар горилж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч бий. Гэхдээ түүний хувьд одоогоор бие даагч статустай.
АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Уг дотоод сонгууль энэ долоо хоногт явагдаж, дээрх нэр бүхий горилогчдын хэн нь гишүүдээсээ олон санал авна тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авна гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө АН дотоод учраа олж нэгдэх зүй ёсны шаардлага тулгарч байгаа.
Өнгөрсөн хугацаанд уг асуудлаар хоёр тал хэдэнтээ уулзалт хийж, зөвшилцлийн ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч нэгдсэн шийдэлд хүрээгүй өнөөдөртэй золгосон. Иймдээ ч намын даргын дотоод сонгуулийг хоёр тусдаа зохион байгуулсан нь өдгөө Дээд шүүх дээр тулаад буй.