Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хориог сунгах болсон үндэслэл, шалтгааны талаар тодотгон мэдээллээ.
Тэрбээр "Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн. Архаг суурь өвчтэй иргэд хүндэрч байсан бол сүүлийн үед идэр насны залуучууд маш богино хугацаанд хүндрэх тохиолдол ихсэж байна.
Тэрээр шинжилгээ хийлгүйгээр вакцин тариад үр дүнд хүрэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад "Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэг хийнэ. Мөн иргэдээс анамниз судалгаа авсны дараа вакцинжуулах юм. Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсныг манай эрдэмтэд судлан тогтоосон. Сүүлийн өдрүүдийн 1000-аад тохиолдол ихэвчлэн ойрын хавьтлууд дундаас гарлаа. Нас барсан хүмүүсийн гурав нь вакцин хийлгээд 14 хонож байсан" хэмээн хариуллаа.