Хатуу хөл хорионы хугацаанд гэрээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахаар болжээ. Энэхүү шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр (2021.04.23) гаргасан байна. Тодруулбал, цахимаар гэрээс ажиллаж буй төрийн албан хаагчид өөрийн амьдарч буй байр, гудамж, хотхоны ойролцоо эргүүлд гарч, явган хүний хөдөлгөөнд хяналт тавих нь.
Шуурхай штабаас яам, агентлагийн шуурхай штабт илгээсэн албан бичигт “Үүрэг гүйцэтгэх албан хаагчдын нэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажилласан талаарх товч тайланг өдөр бүрийн 20:00 цагт УОК-ын Шуурхай штабт и-мэйл хаягаар ирүүлнэ үү” хэмээжээ.
Албан бичгийн бүрэн эхээр нь хүргэе.
Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дөрөв дэх удаагаа шилжээд буй. Энэ удаагийн хатуу хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөн ердөө 20 орчим хувиар буурчээ. Хэдийгээр явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахад цагдаагийн алба хаагчид эргүүлд гарч байгаа ч хүний нөөц хүрэлцэхгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар, иргэдийн хувьд ихэвчлэн ямар нэгэн зорилгогүй гадуур “сэлгүүцдэг” нь тогтоогджээ. Тухайлбал, гэрийнхээ ойролцоо салхинд гарч, дасгал хийх нэрийдлээр дүүрэг дамждаг, найз нөхөд, ах дүү нарындаа очих зэрэг шалтгааныг иргэд хэлдэг байна. Гэвч орон сууцны орц, гудамж бүрт цагдаагийн алба хаагчид хүрч ажиллаж чадахгүй тул тодорхой байршлуудад хяналт тавьж байгааг өмнө нь мэдээлсэн бол ийнхүү төрийн албан хаагчид нэмэлтээр “эргүүл"-д гарахаар болов.