Польшийн Киельче хотод болж буй олимпын боксын залуучуудын ДАШТ-ий эмэгтэй 10 жингийн шигшээ тоглолт, медаль гардуулах ёслол боллоо. Эмэгтэйчүүдийн 10 жингийн долоод энэтхэгийн эмэгтэй тамирчид түрүүлж, дэлхийд ноёрхдог гэдгээ дахин баталлаа. Тус улсын долоон тамирчин шигшээд шалгарч, бүгд ялж 100 хувийн амжилт үзүүлсэн юм.
51 кг-д хүрэл медалийн болзол хангасан манай тамирчин Алтанбекийн Хулан энэ өдөр медалиа зүүсэн. 52 орны 414 тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнд манай улс найман тамирчинтай оролцож хоёр хүрэл медаль хүртсэн юм. Медальд хүрээгүй бусад залуучууд ч бүгд чадварлаг, урам зоригтой тулалдаж байсныг хэлэхэд таатай байна. Манай залуус боксын спортоор дэлхийд тэргүүлэгч Куба, ОХУ, Узбекистаны залуустай эн тэнцүү, зарим нь илүү ч тулалдаж боксын уламжлалтай улс гэдгээ харуулж чадлаа.