Боловсрол, шинжлэх ухааны сайд ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар хэд хэдэн уулзалт зохион байгуулж энэ чиглэлээр шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг өчигдөр тайлангаа танилцуулжээ.
Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан сурагчдын
- 67.8% нь ганцаардсан
- 59% нь бухимдалтай
- 42.4% нь айдас зовнилтой
- 56.2% нь дасан зохицох чадвар сул гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн дунд болон ахлах ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж байна гэжээ.
Ажлын хэсэг Финланд, Япон, АНУ, ОХУ, Герман зэрэг 17 улсыг сонгож сургуулийн орчинд сэтгэл зүйч хэрхэн ажилладгийг судалжээ. Олон улсад дунджаар нэг сэтгэл зүйчид 1000 хүүхэд оногддог байна. Норвеги, Израйль, Швейцар, Америк зэрэг улсад сургуулийн сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэм гэж байдаг байна.
Ингээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчийг богино, дунд, урт хугацаанд бэлтгэх боломжуудыг тэд санал болголоо. Сургуулийн сэтгэл зүйчээр өмнө нь ажиллаж байсан 31, одоо ажиллаж байгаа 65 хүнийг 20 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулах санал гаргалаа.
Харин сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн 167, энэ мэргэжлээр сурдаг 4 дүгээр курсийн 68 оюутныг 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулах, 3 дугаар курсийн 93 оюутныг төгсөх ангид нь мэргэшүүлэх боломж байгаа юм хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.