Улсын Дээд шүүхээс өнөөдөр 11:00 цагт нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгджээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдсэн.
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа юм.
Тиймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр ЕТГ-ын дарга Ө.Шижирт уламжилжээ
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас мэдээллээ.