НАСА-гийн мэргэжилтнүүд Ангараг гараг дээр хоёр туршилтыг амжилттай гүйцэтгэж чадсан талаар ВВС мэдээллээ. Өөрөө явагч "Персеверанс" робот Ангарагийн нүүрстөрөгчийн давхар ислээс бүрддэг агаар мандлаас хүчилтөрөгч ялган авч "Инженюити" дрон хоёр дахь удаагаа амжилттай нисжээ.
Пүрэв гарагийн орой Америкийн сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд нисдэг тэрэг Ангарагийн гадаргуунаас дээш таван метрийн өндөрт хөөрч, агаарт 52 секунд тогтсон талаар мэдээллээ.
Хоёр дахь нислэгийн үеэр дрон хөндлөн хоёр метр орчим зам туулж, дараа нь агаарт эргэж хэд хэдэн зураг авсан байна. Одоо тэдгээр зургуудыг дэлхий рүү илгээж байгаа аж.
"Инженюити" дрон энэ даваа гарагт анх удаа нислэг үйлдсэн юм. Энэ нь нисгэгчгүй нисдэг тэрэг Ангарагийн гадаргуун дээгүүр ниссэн анхны тохиолдол болжээ.
"Персеверанс" робот мөн пүрэв гарагт 5 грамм орчим хүчилтөрөгч ялган авчээ. Энэ хүчилтөрөгчөөр сансрын нисгэгч 10 минут орчим амьсгалах боломжтой аж. Тус роботод суурилуулсан Moxie /Газар нутгийн байгалийн нөөцийг ашиглах туршилт/ төхөөрөмжөөр хүчилтөрөгчийг гарган авсан байна.
Ангараг гарагийн агаарын 96 хувь нь нүүрс төрөгчийн ислээс бүрддэг. Хүчилтөрөгчийн агууламж нь 0,13 хувиас ихгүй байдаг бол дэлхийн агаарын 21 хувийг хүчилтөрөгч эзэлдэг байна.
Өдгөө НАСА-гийн мэргэжилтнүүд Moxie төхөөрөмжийг төрөл бүрийн горимд туршиж үзэн, найдвартай ажиллах эсэхийг тодорхойлох аж. Энэхүү төхөөрөмж цагт 10 грамм хүчилтөрөгч ялган авах чадалтай юм байна.