Өчигдөр Энэтхэг улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэсэн дэлхийн улс боллоо. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн халдварын 314,835 тохиолдол шинээр нэмэгдсэн нь дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт юм.
Энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр АНУ-д халдварын 300,310 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ.
Халдвар урьд өмнө байгаагүйгээр эрчимжсэн нь коронавирусийн илүү аюултай шинэ хувилбар тарсантай холбоотой гэж үзэж байна. Мөн халдвараас сэргийлэх арга хэмжээ хангалттай хэрэгжихгүй байгаатай холбон тайлбарлажээ. Энэтхэгийн эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, шинэ өвчтөнүүдийг хүлээж авалгүй буцаасаар байна. Тахлын томоохон голомт болоод байгаа баруун бүсийн Махараштра мужийн нэг эмнэлэгт Лхагва гарагт хүчилтөрөгчийн нөөц дууссанаас эрчимт эмчилгээний тасагт байсан 24 өвчтөн нас барсан юм.
Сүүлийн 24 цагийн дотор 2,104 хүн нас барсан нь мөн Энэтхэг улсын хувьд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэтхэг даяар шарил чандарлах газруудын ачаалал оргилдоо хүрээд байна. Саяхан нийслэл Шинэ Дели хотын нэгэн чандарлах газар ачааллаа бууруулахын тулд автомашины зогсоолдоо зуухнууд нэмж байрлуулахаас өөр аргагүй болсон юм.
Тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор орон нутгаас ирсэн ажилчид нийслэлээс явж эхэлсэн байна. Хотоос гарах урсгал нэмэгдсэнтэй холбоотой галт тэрэгний тасалбарын үнэ огцом нэмэгджээ. Цар тахлын эхний давалгааны үеэр хөл хорио тогтооход орон нутгийн ажилчид нутаг буцах унаагүй болсноос олон километр газар алхахад хүрч байв. Тиймээс энэ удаа хөл хорио тогтоохоос өмнө амжиж нутаг буцах хүмүүсийн урсгал ихэсжээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэг улс 130 сая орчим тун вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад хэрэглээд байгаа нь дэлхийд АНУ, Хятадын дараа орох өндөр үзүүлэлт. Гэхдээ 1.38 тэрбум хүн амтай улсын хувьд энэ нь 8 хувь учраас чамлахаар үзүүлэлт юм. Үүнд вакцины хомсдол нөлөөлж байна. Тус улсын хамгийн том вакцин үйлдвэрлэгч Serum Institute of India компани одоо сард 60-70 сая тун AstraZeneca вацкин гаргаж байгаа. Тус компани тавдугаар сарын сүүлээр гарцаа 100 сая тунд хүргэх зорилготой байсан бол саяхан энэ хугацаагаа долдугаар сар хүртэл хойшлуулжээ.