Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө.
Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мэдэгдэл хийж, “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харъяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Мөн тэрбээр Монгол ардын намыг тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүйг онцолсон юм.