БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний ээлжийн 300 мянган тун вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Өчигдөр, өнөөдөр гурван удаагийн нислэгээр уг вакцины 900 мянган тунг шууд худалдан авах гэрээгээр авч байгаа юм байна. Вакциныг шууд үйлдвэрээс нь авч байгаа, нэг тун вакцин 15 ам.долларын үнэтэй болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр вакцин хүлээн авах үеэр "Гурван удаагийн онгоцоор 900 мянган тун вакцин ирнэ. Үүнээс 7 хоногийн зайтай дахиад вакцин ирнэ. Эдгээрийг голомт болоод буй Улаанбаатар хотын иргэдийн хоёр дахь тун вакциныг хийхээс гадна нийслэлийн вакцинжуулалтад хамрагдаагүй насанд хүрсэн иргэдийг вакцинжуулна. Нийтийг хамарсан вакцинжуулалт эхэлнэ. Нийт 130 орчим цэгээр вакцинжуулалтыг хийнэ. Энэ удаагийн вакциныг төлбөрийг нь төлөн авч байна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт насанд хүрсэн иргэдийн 60 хувийг вакцинжуулах вакциныг авахаар гэрээ хийсэн. Гэсэн хэдий ч энэ хөтөлбөрөөр авах вакцин 7-8-р сар хүртэл хойшилсон тул түүнийг хүлээлгүй наана худалдан авалтуудыг хийж байна. Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын нийт иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусах бол зургадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунг вакцинжуулна. Эдгээр вакциныг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг үйлдвэрээс нь шууд авч байгаа, нэг тун нь 15 ам.долларын үнэтэй. Төсөв амаргүй байгаа ч зохицуулалтыг хийж байгаа. Худалдан авалтын төлбөр саадсан зүйлгүй" гэдгийг тодотгов.
ОХУ-ын Спутник В вакцин худалдан авах гэрээг хийж, төлбөрөө шилжүүлсэн. Ирэх долоо хоногт эхний ээлжийн вакцинаа хүлээн авахаар байгаа юм байна. Сая хүртэл тун вакцин авахаар гэрээ хийжээ.