УОК-оос иргэдийг вакцинжуулах асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:
Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Хоёрдугаар тунд гурван хувь буюу 65 мянган иргэдийг хамруулаад байна. 23-наас эхлэн хоёрдугаар тунд хамруулах шаардлагатай иргэдийг дархлаажуулна. Мөн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж эхэлнэ. Нийслэлд нийт 120 цэгээр өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна. АстраЗенека вакциныг улсын хэмжээнд 120 мянган хүн хийлгэсэн. Хоёр дахь тунг 56 хоногтоо багтаан хугацаанд нь хийнэ. 23-наас эхлэн Синофарм компанийн ВероСелл вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ" гэв.
НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА Р.ЧИНГИС:
Улаанбаатарт 23-нд 120 цэгээр 281 баг буюу 1890 ажилтан вакцинжуулалт хийнэ. Нийт 59803 иргэнийг дархлаажуулахад тээвэрлэх автобус гаргасан. Дүүрэг бүр дээр автобусны маршрутыг ойрын зайнд гаргасан. Дархлаажуулалтын явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулсан хүмүүс дараа нь тодорхой хугацаанд ажиглалтын автобусанд байрлана.
ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ:
Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар Covid-19 халдварын эсрэг вакцины нэг дэх тунд 649.236 иргэн, хоёр дахь тунд 64469 хүн хамрагдсан. Насны хувьд 50-54 насны 60791 иргэн, 55-59 насны 51278 иргэн, 60-64 насны 37750 иргэн, 65-69 насны 20221 иргэн тус тус хамрагдсан. Цаашид вакцинжуулалтын ажлыг эрсдэлт бүлэг рүү эрчимтэй явуулна. Ингэхдээ 55-аас дээш насны иргэдээ түлхүү хамруулна.
Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэдгийг мэдээлэв.
Энэ сарын 9, 10, 11, 12-ны өдөр вакцины хоёр дахь тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг маргааш буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр харьяа хорооны нь ойролцоо дархлаажуулах юм байна. Энэ талаар хорооноос яг хаана очиж тариулах тухай мэдээллийг өгөх аж.
Түүнчлэн орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийжээ. Эдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулах аж.