УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан юм. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэнээс гадна Үндсэн хуулийн дагуу өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдгийг тайлбарласан юм.
УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн дүгнэлт нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэн санал хураалтад оролцохоос татгалзав.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийн заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулсан юм.
1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.
5.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
6.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
Үүгээр тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.
Ийнхүү УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Төрийн байгуулалтын байнгын хороо 15 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар боллоо. Тодруулбал, өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах юм.