УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар үдээс хойш 16:00 цагт хүртэл завсарлага өгсөн.
Энэхүү завсарлагын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “ҮХЦ-ийн 02 дүгнэлтийг хүлээн авах тухай өнөөдөр ярилцаж байна. Энэ дүгнэлт хүлээж авахуйц дүгнэлт мөн үү. Гаргасан субъект ҮХЦ хийх ёстой ажлаа хийж чадаж байна уу гэдгийг асууя. Тэнд бүх дэлхий даяар хэл аманд орсон ёс зүйгүй гэсэн нэг хүн байна. ҮХЦ-ийг манай дарга нар гурав гурваар нь тавьдаг. Дарга нартаа үйлчилдэг. Энд тоглоомын намууд гэх нь хаашаа юм. Хоёр тоглоомын нам тоглоомын байдлаар ханддаг. Энд суугаад ярьж байсан миний өмнөх хүмүүс "Гөлөг болсон шүү дээ" гэж та нарыг хэлж байсан. Одоо буцаад нөгөө талдаа гөлөг болж байна шүү дээ. Ингэх болохгүй. Өнөөдөр ямар байна. Өнөөдөр сүүлийн нэг сарын хугацаанд 61 хүн нас бараад байна. Үүнд хэн ч эмгэнэл илэрхийлэхгүй байна. Төрөл төрөгсөд ар гэрийнхэнд нь миний бие гүн эмгэнэл илэрхийлье. Та нар эх барьж байгаа буруутай хүмүүсийн хувьд түрүүлж дуугарч байвал зүгээр байна шүү. Дандаа та нарын өмнөөс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлэх надад хэцүү байна. Харамсалтай байна. Ингэж ажлыг явуулж болохгүй ээ.