Хотын захиргааны шинэ цогцолбор барих тухай яриа анх 2013 онд тухайн үеийн хотын дарга А.Бат-Үүл ажиллаж байхад эхэлж, Ханын материалын эцэст цогцолборын шавыг тавьж байв. Гэвч түүний дараа хотын даргын албыг хашиж байсан Сү.Батболд хотын захиргааны шинэ цогцолборыг Ханын материалын эцэст биш Яармагт барихаар шийдвэрлэсэн. Үүнийгээ бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байв.
2018 онд барилгын ажил нь эхэлсэн, Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэнэ. Цогцолборын талбайн хэмжээ 68 мянган м.кв, санхүүжилтийн хэмжээ нь 97 орчим тэрбум төгрөг.
Тэгвэл 2020 оны тавдугаар сард тус цогцолборын А блокийн гүйцэтгэл 98 хувьтай яваа ба тухайн сард багтан нээлтээ хийхээр төлөвлөсөн талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байлаа. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блок ашиглалтад орсон.
Гэхдээ тус блокт хотын захиргаа нүүж орохгүй. Харин хотын захирагч Д.Сумъяабазарын хэлж байсанчлан гарааны бизнесийг дэмжих төв болж ажиллахаар болжээ.
Тодруулбал, “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-аас "Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болоод байгаа юм.
Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна.
Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь 2018 онд Монгол болон олон улсын энтрепренерүүдийг холбох гүүр болж, залуу энтрепренерүүдэд стартап бизнес болон бусад боломж, нөхөрсөг орчин, энтрепренер соёлыг Монголд Улсад суулгах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ТББ-ын тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун юм. Хувьцаа эзэмшигч нь Х.Намуун болон түүний нөхөр О.Тэнүүн.
Олны танил “Оюуны ундраа” группийн гэх нэрээр нь андахгүй сайн мэдэх С.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ураг юм. С.Отгонбаярын хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгчийн охин Б.Намуунтай гэр бүл болсон гэсэн үг.
Төсвийн 97 тэрбум төгрөгөөр барьсан хотын захиргааны шинэ байрны А блокын 1000 мкв бүхий талбай хотын захиргаа биш нэг ТББ эзэмших болов. Тэр тусмаа юуны учир Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Х.Намуун, Шадар сайд С.Амарсайханы ахынх нь хүү О.Тэнүүн нарын ТББ орох болов.
Х.Намуун цахим хуудаснаа стори хийж, энэ тухайгаа баяртайгаар мэдээлсэн юм.
Харин ямар шалгуураар, хаанаас зөвшөөрөөд энэхүү төсвийн мөнгөөр баригдсан төрийн байгуулллагын байранд ТББ байгууллага орох болсон нь тодорхойгүй ил бус байгаа нь хачирхалтай.
Үүнийгээ тайлбарлаач. Хэрвээ үнэхээр гарааны бизнесийг дэмжих төв болгох л бусдад нь ямар боломж олгож байгаа юм бэ. Зөвхөн нэг ТББ давуу эрхтэй байх юм уу.
Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.