АНУ-ын Миннеаполис хотын шүүх цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг хар арьст Жорж флойдын амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн талаар ВВС мэдээллээ.
Тодруулбал, Шовиныг аллагын бүх гурван зүйл заалтаар буруутай гэж үзсэн байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авсан байна. Ингэснээр Шовинд 40 жил хорих ял ногдуулах боломжтой. Ялын хэмжээ хоёр сарын дараа тодорхой болно.
Тэрбээр шүүхийн шийдвэр гартал батлан даалтад байсан бол өдгөө ялын тогтоолыг хорих газар хүлээх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Африк гаралтай Жорж Флойдын аллагын хэргийн ялын дүгнэлт нь чухал алхам. Энэ нь Америкт шударга ёсны зүг хийж буй асар том алхам болох боломжтой, хэн ч хуулийн дээр байх ёсгүй ба ялын энэ дүгнэлт эл дохиог илэрхийлж байна" гэж мэдэгджээ.
Шүүх ялын дүгнэлт гаргасны дараа Жо Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар талийгаач Жорж Флойдын ахтай утсаар ярьсан байна.
Цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг Флойдыг баривчлах үеэр амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Хэрэг явдал 2020 оны тавдугаар сард гарч, олон нийтийн дунд шуугиан тарьсан билээ. АНУ төдийгүй дэлхийн олон улс оронд цагдаа нарын хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан гарсан.