“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр хуралдлаа.
Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио Тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулсан.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал, гишүүд “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.
Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.
Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.
Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.
Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.
Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.