Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Алдагдалтай нийгмийн даатгалын сангаа аврах гэж иргэдээ мөлжих нь зөв үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлаас шалтгаалан сүүлийн гурван жилийн хугацаанд НДШ таван хувиар өссөн. Нийгмийн даатгалын санд яагаад алдагдал үүссэн, шинэчлэл хийх ёстой, яаж хийх вэ зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
- ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал
- ОУ-ын актуарч Д.Гантулга
- “Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр
- “Ард лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
НДШ-ИЙГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
ОУ-ын актуарч Д. Гантулга:
- Нийгмийн даатгалын сан хоосорчихлоо гээд тэтгэврийн параметр болох насыг нэмэх, шимтгэл нэмэх гэх мэт параметрүүдийг оролдох нь шинэчлэл биш. Нийт том зургаараа цалинд суурилсан тогтолцоо маш хэцүү болоод шимтгэлд суурилсан руу шилжээд алдагдалд ороод байгаа. Монголын төр энэ шинэчлэл хийхгүй маш удаан байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
- Одоо байгаа тэтгэврийн тогтолцоо болохгүй байгаа хоёр жишээ хэлье. Нэгдүгээрт: 2020 оны байдлаар дундаж тэтгэвэр 409,000 төгрөг, доод хэмжээ 350,000 төгрөг. Өөрөөр хэлбэл дундаж доод хоёр нь бараг нийлчихсэн. 80% гаруй нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй. Тэгэхээр энэ тогтолцоо ажиллахгүй байна гэсэн үг.
- Одоо байгаа тогтолцоог тэр чигт нь суурьт шимтгэл болгож, нийгмийн даатгалын хувийг бууруулах хэрэгтэй. Одоо байгаа 19%-ийг бууруулж суурь тэтгэвэр болох 5%, 14% хуримтлал болох хэрэгтэй.
- Эхний ээлжид сайн дурын тогтолцоонд шилжээд, хөлөө олсны дараа дараа нь 14%-ийг мөн сайн дурын сангууд удирдах эрхтэй болгох хэрэгтэй. Үүнийг үндсэндээ шинэчлэл гэж нэрлэж байгаа.
- Хоёрдугаарт: Одоо байгаа тогтолцоог шинэчилж байгаа гээд одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийг орхиж байгаа биш. Энэ тэтгэвэр авч байгаа хүмүүс дотор маш шударга биш зүйл яваад байгаа. Тухайлбал өнгөрсөн 2020 оны 1-р сард улсын УИХ-аас тэтгэврийн хэмжээг нэмэхдээ 500,000 төгрөгөөс доош тэтгэвэртэй хүмүүсийг 30,000 төгрөгөөр нэмээд, 500,000 дээш тэтгэвэртэй хүмүүс 20,000 нэмсэн. Тэгэхээр төр нь тэтгэврийг хүчээр бууруулаад, өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийг доод тэтгэвэр рүү оруулаад байна. Тэтгэврийн том зөрүү үүсгэсэн. Ядаж хувиар нэмэх ёстой.
- Тэтгэврийн сангийн тогтолцоог яаж шинэчлэх ёстойг хэлье. Арга нь бол ирээдүйн өв сан дээр цугларч байгаа мөнгөө ашиглах ёстой. 2021 онд 1.6 их наяд төгрөг улсын төсөв рүү орж ирж байгаа. Тэндээс хуулиараа 65%-ийг нь ирээдүйн өв сан руу өгч байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ямар байсан тохируулга хийгээд зөрүүгээ авахаар эндээс 990 тэрбум төгрөг орж байгаа. Нэмээд ногдол ашиг 150 тэрбум, хүү нь нэмэгдээд 2021 онд хүний хөгжлийн сангийн өрийг дарсан. 1.2 их наяд төгрөг ирээдүйн өв сан хийж байна.
- Дараагийн үед шилжээд ирэхэд АМНАТ-аас бага хувийг аваад байх бүрэн боломжтой. Бид байгалийн баялагтай улс. Байгалийн баялгаа ашиглаад энэ шинэчлэлийг хийх боломжтой.
- МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж олон удаа тусгалаа. Яриад суух биш одоо зоригтой хий л дээ. Ийм том хэмжээний шинэчлэл хийхэд зоригтой байх хэрэгтэй. Энэ бүх яриад байгаа эрсдэл, айдас чинь зохицуулалтаар шийдэгдэх ёстой. УИХ дээр зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр тэтгэврийн сангууд зохицуулалтаа сайн хийгээд жилийн эцэст аудитаар дөрвөн томыг нь оруулаад, актуарчид нь тооцоог нь хийхийг заагаад өгчих.
- Санхүүгийн зохицуулах хороо олон улсын эрхтэй актуарчаар даатгал хийлгэх хэрэгтэй.
- Энэ бүх шинэчлэлийг хийхэд шаардлагатай мөнгийг одоо бид монголчууд жил бүр 1.2 их наяд төгрөгийг ирээдүйн өв санд хийж байна. Үүнээс 101-ийг аваад хэрэглэ. Тэгээд энэ бүгдийг хйиж болно. Үгүй бол энэ тогтолцоо маань бүх нийтийг хамраад гоё сайхан юм ярьсаар бодит байдал дээр тэтгэвэр нь хүрэхгүй, насаараа ажиллаад бүгдээрээ ядуу болчихсон байна.
- Миний хувь хүн мэргэжилтний үүднээс харахад малчдыг төр нийгмийн харилцаанд оруулмаар байна. Малчдаас татвар авдаг, нийгмийн даатгалын харилцаанд оруулдаг байх. Тэнд хоршоод үүсгээд шууд энэ нийгмийн даатгал руу орох хэрэгтэй. Хэрэв туслах малчинтай байвал хөдөлмөрийн харилцаа үүсэж байвал заавал хөдөлмөрийн гэрээ байгуулаад, цалингаас нь төлөх ёстой гэх мэт.