Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус штабын дарга Д.Ганзориг "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэгт цаг ямагт манлайлсаар ирсэн. Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэргийг Ёсзүйн хороогоор авч хэлэлцсэн. Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, төрийн нууц алдагдуулсан гэж үзэж байна. Улс төрчдөөс зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье. Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй.
Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай.
Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг гажуудуулах асуудал гарсан гэж үзэж байна. Зэвсэгт хүчинд жижиг асуудал гэж байдаггүй. Нийгмийн олон талт харилцаа, сайн муу тусгал цэргийн албыг тойроогүй. Улс төржүүлж болохгүй асуудал бидэнд бий, зөрчигдвөл үндэстнээрээ төлдөг гашуун сургамжийг бид байнга санах ёстой.
Улс төрчид зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байх нь үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдгийг ажил хариуцаж байгаагийн хувьд та бүхэнд дахин илэрхийлье. Хууль эрхзүйн хүрээнд гаргасан шийдвэрийг бид биелүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэвсэгт хүчний дэд бүрэлдэхүүнүүд цэргийн байгууллага анги захирагч нарын удирдлага бүрэлдэхүүнд хандаж хэлэхдээ Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байхыг дурдаж байсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабт хүрэлцэн ирсэн. Энэ үеэр гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд, цэргийн алба хаагчийн үйл ажиллагааг сайжруулах асуудлаар ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудыг шалгах, холбогдох шийдвэрүүдийг гаргах талаар хөндөж ярьсан.
Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн.
- Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар байгуулсан ажлын хэгсийн ажлыг дүгнэж холбогдох шийдвэрүүдийг гаргах үүрэг өгсөн.
- Хоёрдугаарт, зэвсэгт хүчний 100 жилийн ойн арга хэмжээнүүдээс хойшлуулсан арга хэмжээг хэзээ зохион байгуулах боломжтой талаар санал солилцсон.
- Гуравдугаарт, цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.
Өчигдөр МАН мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийн Зэвсэгт хүчний жанжин штабад ажилласан үйл явдлыг улс төрийн зорилготой мэтээр мэдээлсэн. Үүнийг албан ёсоор няцааж байгааг мэдэгдье" гэлээ.