Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү гэсэн сэдвээр хэвлэлийн хурал хийж, коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээлэл хийж байна. Мөн PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохогдоод байгаа эмч нарын төлөөлөл хэвлэлийн хуралд оролцлоо.
Эмч нар:
Ажлын байрны дарамт учирч байгаа тул ажлаа хийж чадахгүй байна. Шинжилгээ авсан эмч нар хариуг нь өөрчилж чадахгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан халдвар аваад байна. Улмаар хүний нөөцийн хомсдол үүссэн ба хөдөө орон нутгаас эмч нар авчирч байна. PCR шинжилгээ маш нарийн явцтай. Шинжилгээг өдөр нь аваад шөнө нь шинжилдэг. Лаборатори руу орсон шинжилгээг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол зөвхөн цөөн хэдэн хүмүүсийн эсрэг бус эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагасан хэрэг.
ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга н.Баатарчулуун "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон. Шалгалттай холбоотойгоор Livetv.mn сайт дээр зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон ба сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо.
Энэ шалгалттай холбоотойгоор нэг ч ажилтнаас хуулийн байгууллагаас тайлбар аваагүй байна. Одоо яг юуг нь буруутгаад байгааг ойлгохгүй байна. Шинжилгээг бар кодоор оруулдаг ба бүх хариу автомат машин дотор хадгалагддаг. Түүнийг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Gerege систем рүү нэгэнт орсон мэдээллийг манайхаас ч gerege системээс ч өөрчилж чадахгүй.
Хууль хяналтын байгууллагаас яаралтай дүгнэлт гаргаж зөв бурууг нь олох хэрэгтэй байна. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол энэ чинь үндэсний хэмжээний гэмт хэрэг шүү дээ.
Ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ?
Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна.
Биднийг өдийг хүртэл хоёр ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Өнөөгийн нөхцөл байдал болохыг манай мэргэжилтнүүд хэлж байсан. Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас тахал ингэж хүндэрлээ.
ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн" хэмээлээ.