Дөрвөн жилийн өмнө “Эрэн сурвалжлагч: Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээр сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байсан тухай сурагч охид өөрсдөө ярьж байсан.
“Эрэн сурвалжлагч: Чимээгүй хашгираан” нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
Тодруулбал, багш нь сурагч охидын бөгсөнд хүрдэг, ангиас бэлгэвч олддог, секс бичлэг үзүүлдэг ийм асуудлыг тухайн үед нэвтрүүлэгт хөндөж байсан. Гэвч асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад хэрэг нь хаагдсан байдаг.
Охид тухайн үед:
“Эрэгтэй багш нар голдуу охидын биед хүрдэг. Нэг удаа эрэгтэй багш хичээл орж байхдаа араас тонгойгоод гараас барьсан. Би сууж байсан л даа. Хичээл зааж байгаа хэдий эвгүй байсан. Хичээл тарах үед бэлхүүснээс барьж илсэн. Тэгэхэд надад эвгүй санагдаж байсан. Бусад охидоос ч багш нар биед нь хүрч илж таалдаг тухай сонсож байсан"
“Би хамгийн дуртай хоёр хичээлийнхээ нэгэнд нь сууж чадахгүй, нөгөөд нь дургүй болсон. Учир нь нэг багш миний бөгсөнд хоёр удаа хүрсэн. Ямар заваан юм бэ гэж бодсон. Би тэр багшийг бодохоор л үзэн яддаг. Гэхдээ хоёр удаа бөгсөнд хүрэхэд нь би шууд урласан. Одоо би тэр багшийнхаа хичээлд ог суудаггүй. Харин нөгөө багш нь хичээлээ дохионы хэлээр заадаггүй”.
“Эрэгтэй багш нь охидын хөх бөгсөнд хүрдэг нь үнэн. Миний биед эрэгтэй багш нар хүрч байгаагүй. Хөөрхөн охидод л хүрдэг. Хөхөнд нь хүрчхээд “Багш нь тоглосон шүү за” гэж хэлдэг гэсэн. Манай найз охидууд тэгж ярьдаг. Зарим багш нар хичээл тараад хотод гэртээ хирнээ дотуур байранд орж хонодог”
“Нэг удаа залуу эрэгтэй багш наашаа суу гээд суулгасан. Тэгээд суусан чинь бэлхүүсээр тэвэрсэн. Би дургүйцлээ илэрхийлэн гараад явж байсан. Тэгээд коридорт зөрж өнгөрөхдөө бөгсөнд хүрээд өнгөрдөг. Би маш их ичдэг. Тэр багш ангид дандаа тамхи татдаг. Тэгээд компьютер дээр нь том хүний кино элдэв бичлэг байж байдаг юм билээ. Ангиас хогийн савнаас архины шил зөндөө гардаг. Нэг удаа бид анги цэвэрлэж байгаад хогийн савнаас хөх өнгийн бэлгэвч олж харж байсан. Манай ангийн хүү тэр хогийг авч гараад хаясан. Ер нь энэ бүх байдлаас болж би сэтгэлээр маш их унадаг”
Тухайн үед 29 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайханаас сургууль дээр нь бэлгийн хүчирхийлэл байгаа талаар сурагч охидууд ярьсан тухай хэлэхэд “Сурагчдад бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” хэмээх тайлбарыг өгч байсан юм.
Эргэн сануулахад, энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад хэрэг нь хаагдсан байдаг.
Тиймээс METOO өрнөж байгаа энэ цаг үед дөрвөн жилийн өмнөх энэхүү үйл явдлыг эргэн сануулж байна. Учир нь сургуулийн орчинд ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж байгаагаа бусдад ойлгуулж хэлж чадахгүй явдал даамжрах вий.