Хатан хааны гэр бүлийнхэн орон нутгийн цагаар өчигдөр буюу Улаанбаатарын цагаар өнөөдөр 00:00 цагийн орчимд Эдинбүргийн гүн, хатан хаан Элизабетийн 70 гаруй жил ханилсан хань хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэлээ.
Хунтайж Филиппийг эцсийн замд нь үдэх ёслол Виндзор шилтгээн дэх Гэгээн Георгийн сүмд болсон бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас болоод 30 хүн л оролцуулжээ. Оршуулах ёслолыг хунтайж Филиппийн амьд ахуй цагтаа төлөвлөж байсны дагуу хийж, шарилыг өөрийнх нь өөрчлөн янзалсан "Land Rover" машинаар зөөж, сонгосон хөгжмийг нь тоглуулсан байна.
Хэдийгээр оршуулах ёслол олон нийтэд хаалттай, цомхон хүрээнд болсон ч телевизийн сувгуудаар шууд дамжуулжээ. Мөн нийт 50 минут үргэлжилсэн ёслолын үеэр дарсан зургуудыг цахим орчинд нийтэлжээ.