Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын “Балуан Шолак” аренад явагдлаа. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй шигшээ баг хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэв.
Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүллээ.
Азийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.