Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.
Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.
Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцсон. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна. Тэрбээр "Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа" гэжээ.
Төрийн тэргүүн байсан хүн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших, сонгогдох боломжгүй гэдгийг хуульч О.Мөнхсайхан тайлбарлаж байсан юм.
ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа.
Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ.
Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв.
Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд:
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.