Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын өнөөдрийн хуралдаан хойшилжээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон байв. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж иргэн Т.Доржханд нар үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эдгээр заалт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой. Улмаар Т.Доржханд нарын иргэд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж буй.
Харин Цэцийн хуралдааныг хойшлуулсан шалтгаан нь маргааныг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болсонтой холбоотой юм байна.