Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч коронавирус цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 9-р хороонд "Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84,833,6 м2 талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга барихаар төлөвлөөд байна. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Мөн төсөл хэрэгжих барилгын талбайн дээрх 37 нэгж талбар бүхий айлуудаас төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан байна. Мөн долоон айл газар чөлөөлөлтөө хийж,дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж 4-р сард багтаан нүүх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажил явагдаж байна
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ИТА болон БНХАУ-ын менежментийн багийн ажилтнуудын байрлах түр байр, инженерийн байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлж бэлэн болгосон байна. Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын 2-р эх үүсвэрийн ажлын явцад хяналт тавьж хийж дуусгаад байгаа юм.
Бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл ажил болох автобусны буудал шилжүүлэх орц гарц хийх ажлыг мөн гүйцэтгэж дуусгаад байгаа юм. Тодруулж хэлбэл “Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах” ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж , 2020 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээн авчээ
Мөн буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлжээ. Барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргах ажлууд хийж дуусгасан байна.