Ардчилсан Намаас долоо хоног бүр хүргэдэг 4/11 мэдээллийн цагт тус намын дарга М.Тулгат оролцож, МeToo хөдөлгөөний талаарх байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сүүлийн үед хүчирхийллийн эсрэг #МeToo хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдсон асуудал бий.
Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэж болохгүй гэсэн байр суурь дээр АН зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хэн ч гэсэн хууль шүүхээр шалгуулж гэм буруугаа тогтоолгох хэрэгтэй.
Хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна
Ардчилсан Нам хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажиллаж ирсэн. Жишээлбэл, 2015 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4-д ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудалд эрүүгийн хариуцлага тооцох заалт хуульд оруулж байсан. Гэтэл 2017 онд МАН сонгуулиар ялсаны дараа энэ заалтыг хассан.
Тиймээс өнөөдөр бэлгийн дарамт үзүүлж буй этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг. Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа.
Манай улсад хохирогч өөрөө хохироод үлдэх тохиолдол байна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг ноцтойгоор мэдэрдэг гэж хариулсан. Үүнд бид маш их эмзэглэж байна" гэлээ.