Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүр мөсөн хасаж байгааг зарласныг ВВС мэдээллээ.
Энэхүү вакцин нь 40,000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тооцоолсон аж. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг болох 60 настай эмэгтэй нас баржээ.
Тус улс нь дархлаажуулалтын төвүүдэдээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болсон байна. Гэхдээ эргүүлэн татсан вакцинаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.
Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг улсдаа түр зогсоох шийдвэр гаргасан. Уг вакцин нь “AstraZeneca”-тай ижил цус бүлэгнэх өвчин үүсгэж байх эрсдэлтэй байсан тул ийнхүү зогсоосон. Лхагва гарагт Европын холбоо, ӨАБНУ энэ шийдвэрийг даган хэрэглээгээ мөн зогсоогоод байгаа юм.
АНУ-д “Johnson & Johnson” вакцин хийлгэсэн 6.8 сая хүнээс зургаан тохиолдол илэрсэн тул зогсоосон. Тэгвэл Данид “AstraZeneca” тариулсан 40 000 хүний нэгд ийм тохиолдол гарсан тул эрсдлийг харьцангуй өндөр байна гэж үзжээ. Цус бүлэгнэх өвчнөөр өвдсөн хоёр хүний нэг нь болох 60 настай эмэгтэй нас барсан нь үүнд нөлөөлсөн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн цөөн хэдхэн вакцин ийнхүү ээлж дараалан эрсдэлтэй үнэлгээ авч, хэрэглээнээс гарч байгаа нь дархлаажуулалтын аяныг удаашруулах эрсдлийг үүсгэж байна.