Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм. Тэгвэл Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг #METOO хөдөлгөөн болон орон даяар өрнөж байна.
Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа “…Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.
Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү…” хэмээн УИХ-ын нэгэн гишүүнд их удаан дарамтлуулж буйгаа бичсэн юм. Хэний ч нэр усыг дурдаагүй энэ постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргаж, “би биш” хэмээн зарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "…Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн түүнийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл нь гал дээр тос нэмсэнтэй адил болж нийгмийн сүлжээнд олны бухимдлыг асаалаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ. Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог, бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон бүсгүйчүүдээс иржээ.
Үүнээс үүдэн иргэн дуучин Нара буюу М.Нарантуяа #Me_too_Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ.
Иргэн М.Нарантуяа "Нийгэмд нэг бугласан идээ бээр илэрч шахагдах цаг иржээ.Ажлын байрны бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, завдал, сэдэл хэрээс хэтэрч байгаа үед таслан зогсоох цаг нь одоо юм байна. Уншигчдаас олон чат ирлээ. Бүгд бодит кэйс болохоор нэр хаягийг нь нууцлаад хуваалцахаар шийдлээ.Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ.
Монгол орны өнцөг булан бүрээс #Me_too_Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ. Бүгд хамтдаа тэмцэх болно.
Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон Гаж донтонгууд, Шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё. Доодохдоо захирагдсан агаа нэртэй дарга, захирал хэн ч бугай нараа!!!! Хүлээж бай!!! Удахгүй хийсэн үйлээ эдлэх цаг чинь ирнэ. Харж л байгаарай!!! Нар мандаж Харанхуй замхардагийн адилаар Та нарын дүрэмгүй, дээрэнгүй, золбин дээрэмчин шиг үе чинь дууссан шүү….
Жич: Бусдын хүчирхийллийн асуудлыг нийгэмд ярихад цагдаа шалгаж эхэлсэн бол одоо бүр хохирогчид борооны дараах мөөг шиг ар араасаа би ч бас хохирогч байсан гэж гарч ирсээр байхад УИХ-н Гишүүн Анандбазар дээр яахыг харъя. Хууль шүүх засаглалтай улс мөн үгүйгээ одоо харцгаая нийтээрээ" хэмээн постолсон юм.
Мөн иргэн Сүнээ "Хэрвээ та хаа нэг газар хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд байвал " Me too "гэсэн хайштагтай статус бичээрэй. Миний зурагт постны доор комментоор байж ч болно. Хэдий болтол хүчирхийлэгчид ялагч болж хохирогчид ялтан болдог нийгэмд амьдрах вэ!? Та ээж аав ах эгч хүн бид залуу үе үр хүүхэд дүү нартаа цэвэр нийгмийг бүтээж үлдээхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж хүчирхийлэлийг тэвчдэггүй хажуугаар нь чимээгүй өнгөрдөггүй байцгаая" хэмээн энэ хөдөлгөөнийг дэмжин нэгдсэн.
Иргэн Б.Сүндэръяа өчигдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгч "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй харж танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноор дамжуулаад миний зургийг харсан танилцуулаад өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьдаг байсан. Тэр болгонд татгалздаг байсан. Тийм шалтгаан ч байсан юм билээ. Тэр болгоныг би олон нийтэд хэлэх боломжгүй. Өргөдөл, гомдол дээрээ маш сайн тусгасан. Би зөвхөн энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, өөр олон өргөдөл өгөх бодол байгаа. Хэвлэл мэдээллээр зарлагдаагүй өөр асуудлууд, зүйлүүд болсон учраас түүнийг өргөдөл дээрээ бичин хуулийн дагуу шалгуулна гэж бодож байна.
Сонгууль болсон болхооор намайг зохион байгууллалттай явж байна гэсэн учраас би дэлгэх гэж байсан зүйлээ больж байна. Намайг сонгууль болохоор ярьдаг гэж байгаа болохоор хэвлэл мэдээллээр ярих боломжгүй байна.
Нийтдээ надаас гадна 1000 гаруй охид холбогдсон. Ерөөсөө ийм асуудал болно гэж би тооцоолоогүй. 2020 оны сонгуулиар намайг ямар ч хамаагүй гишүүнтэй холбосон бичлэг цацагдсан. Тэр бичлэг одоо ч миний утас дээр бий. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар 5 залуу Эрдэнэт очиж хийж эвлүүлсэн. Тэднээс хуулийн байгууллага мэдүүлэг авсан. Миний хувьд өөрийн нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Дахиж дарамт шахалттай байж чадахгүй насаараа ингэж амьдрах юм шиг байна гэж бодсон.
Бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг ойр дотнын хүнээр маань дамжуулан тохиролцоё, худлаа гээд хэлчих гээд байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй.
Миний хувьд маш их дарамт шахалттай байхад нэр цохож чадахгүй. Түүнийг би мэддэг учраас дийлэхгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг үгүй хийсэн болохоор би юу ч хийж чадахгүй байсан. Тэрээр намайг хараагүй таньдаггүй гэсэн байсан. Түүнийг гэрчлэх гэрч байгаа. Би хуулийн дагуу явна.
ХЭҮК гээд олон байгууллагад би өргөдлөө өгнө. Яг одоо л таслан зогсоохгүй бол олон жил энэ дарамттай явахыг хүсэхгүй байна. Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүний /сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд/ бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1000 гаруй охин надад хандсан. Хохирогчдыг хамгаалалтад аваад би л гардгаараа гараад дуусья гэж бодож байгаа" гэдэг мэдээллийг өгсөн.
Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудлаар өчигдөр байр сууриа илэрхийлэн "Халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг ХЭҮК шалгана" хэмээн мэдээлсэн. Ингэхдээ тэд "Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн, эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол, мэдээлэл ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна. Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна" гэв. ХЭҮК хүчирхийлэл үйлдсэн гэх хүнд зөвлөөд өнгөрөх нь хэр үнэнд нийцэх вэ?
Энэ хөдөлгөөн нийгэм даяар өрнөх нь тодорхой боллоо. Сод монгол шатахуун түгээх станц, Өргөө кино театраар үйлчлүүлэхгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдэл цахим хуудсанаа өрнөж, томоохон групп компанийн захирал, улс төрчид, олны танил эрхмүүд ч хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдээд байна.
Хэн хаана хэрхэн яаж Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаарх бичсэн ил түүхүүд, ил мэдээллүүд байгаа энэ үед Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс мэдээллийн мөрөөр охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллах уу?Ажиллах үүрэг нь тэдэнд бий ч эс үйлдлээрээ хууль тогтоогч, чинээлэг иргэн Ц.Анандбазарт “туслалцаа” үзүүлээд өнгөрөх магадлалтай байна. Учир нь саяхан дуучин С.Сэрчмаа, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар ёс бус, садар самуун түүх цахим орчинд ярьсан нь олны дургүйцлийг хүргэж, мэдээллийнх нь мөрөөр ЦЕГ ажиллана гэж мэдээлсэн. Үүнтэй адил олон нийтэд ил нээлттэйгээр хүмүүс хууль тогтоогчийн ёс зүйгүй үйлдлийг бичсээр байхад ЦЕГ мэдээллийн мөрөөр ажиллах эсэх тухайгаа хэлэхгүй таг дуугүй тав дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ангийнх нь хүүхдүүд буюу УИХ-ын гишүүд, УИХ-ын хүний эрхийн дэд хороо энэ асуудалд анхаарах уу? Сонсгол явуулах уу?
Хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүнд адил үйлчлэх эсэхийг харах, шаардах үлдэж байна.
Манай Өрөг.мн сайтын редакц бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүдийн мэдээллийг хүлээн авч, таны дуу хоолойг олон нийтэд хүргэж, эх сурвалжаа чандлан нууцлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Та бүхэн манай цахим хаягууд руу болон оффисийн 76002244 дугаараар холбоо барих боломжтой.