Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо.
Т.Дэлгэрмөрөн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд өөрийн цахим хуудсаараа нийгмийн сүлжээнд гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж байхдаа лайв хийсэн. Энэ үеэр түүний эхнэр Х.Ананда гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацааны турш байсан, түүнийг хар тамхи хэрэглэдэг хэмээн хэлсэн билээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 1-нд БЗД-ийн цагдаагийн хэлтэс хар тамхи илрүүлэх тестээр шалгахад ургамлын гаралтай бодис гарсан тухай мэдээлсэн. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн "Тан уудаг тул өвсний гаралтай зүйл гарсан байх" хэмээн цахим хуудсандаа лайв хийж байсан.
Тэгвэл өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/,
Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/,
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс: Зөрчил гаргагч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулж, нийт баривчлах шийтгэлийг 50 хоногоор, зан үйлд нөлөөлөх нийт 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулахаар тогтоосон.
Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг …14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргалаа.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр нэг хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар