"Өрөг хэлэлцүүлэг" энэ удаагийн дугаартаа “Эмнэлгийн мэс засал яаралтай тусламжийн өнөөгийн байдал” сэдвээр мэргэжилтнүүдтэй ярилцлаа.
Зочид:
- ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийн зохицуулах газрын лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Д.Оюунчимэг
- АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн танхимын эрхлэгч АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт эмч Л.Ганболд
- ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн зохицуулах төвийн дарга, АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт, Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн
- Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвийн захирал Э.Одбаяр
Онцлох эшлэл
О.СЭРГЭЛЭН: ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧДЫН ЧАДВАР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн зохицуулах төвийн дарга, АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт, Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн:
Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, тэр тусмаа мэс засал яаралтай тусламж үйлчилгээний төвшин нь хөгжиж буй орнууд дундаа сайн гэж үнэлэгдэж явдаг.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд Монгол улсад мэс заслын яаралтай тусламжийг зохицуулах төв дэлхийд анх удаа манайд байгуулагдсан.
- Монгол улсын мэс заслын яаралтай тусламж хэрэгжилт, бодлогын зохицуулалтын байдалтай танилцаад дэлхийн 88 улсын Монголоос доогуур төвшинд байгаа улсуудыг манай төвшинд 2030 онд хүргэхээр жишиг орноор товлосон.
- 2005 оноос дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай Монгол улсын мэс засал яаралтай тусламжийн талаар судалгаа хийсэн. Тэр судалгааныхаа дүнг танилцуулж хамгийн анхны хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн улс орнуудын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөв гаргаж таван үзүүлэлтийг үндэс болгосон. Монгол улс тэр таван жишиг үзүүлэлтээр сайн төвшинд үнэлэгдсэн.
1000 мянган хүнд оногдох мэс засалч эмчийн тоо 20-40 байх ёстой гээд ДЭМБ гаргасан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад ерөнхий мэс заслын эмч нийт 390 гаруй эмч байдаг. Мөн гэмтэл, эх барих эмэгтэйчүүд эмч нараа нэмэх юм бол энэ тоо 23 хувьтай байдаг юм. Энэ зорилт нь манай улсын хувьд тоо нь үзүүлэлтээрээ биелчихсэн.
Харин хөдөө орон нутагт, ялангуяа сум дундын эмнэлгүүдэд мэс заслын эмчийн хүртээмж бага байна.
- Монгол улсад нийтдээ 39 сум дундын эмнэлэг ажилладаг. Үүний 13-14 нь л мэс засал хийж байна. Нутаг дэвсгэрийн таруу онцлогтой манай улсын хувьд эмч нарын ажлын байрны хуваарилалт чухал асуудал болоод байна.
- Мэс заслын эмч олон төгсдөг. Хөдөө орон нутагт хуваарилагдаад ажилладаг боловч сайн ажиллаж байгаа эмч нар нь хэдэн жилийн дараа дарга болоод явчихдаг. Тэгээд дахиад л 5-6 жил дахиж хүн бэлдэх асуудал гардаг.
- Хүний нөөцийн тогтвортой байдалд эмч нарын ахуй амьдрал, амьдрах нөхцөл бололцоогоор нь хангах мөн цалин санхүүжилт чухал.
Сум дундад яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж харьцангуй хангалттай. Гэхдээ ашиглах ашиглалтын явц төдийлөн хангалтгүй байдаг гэсэн үнэлгээ гарсан.
- Аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ ялангуяа томоохон, нарийн мэс засалд хийх тоног төхөөрөмж муу байгаа нь судалгаагаар ч батлагдана. .
- Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэчнээн хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна гэдгээс тухайн орны эрүүл мэндийн салбарын хөгжилд шууд хамаардаг.
- Эмч нар дутуу, гачигдсан орчинд л мэс засал хийдэг.
- Өндөр хөгжсөн орон багаж төхөөрөмж нь эвдрээгүй ч гэсэн таван жил болоод л сольж, шинчилж байдаг системтэй.
- Харин манай улсад таван жил болоод солих хэмжээний хөрөнгө үнэхээр байдаггүй. Элэгдэж хуучрах асуудал маш их гардаг.
- Эмч нарын ур чадварын хувьд манай Монголын мэс заслын эмч нар дэлхийн хэмжээнд хүрсэн гэж үнэлэгддэг.
- Хамгийн чухал нь бүх өвчин эцэстээ мэс засалтай холбоотой байдаг.
Судалгаагаар хэрэв хоёр цагийн дотор яаралтай тусламжийн үзүүлж чадах юм бол нас баралтыг 80 хувь бууруулна. Тийм учраас бид үүн рүү чиглэж явах ёстой юм.
Иргэд мөн би өвддөг, намайг эмнэлэг эмчлэх ёстой гэсэн ойлголтөө өөрчилж, би өвдөхгүйн тулд юу хийх вэ ухамсарлах хэрэгтэй.