Гадаадад байгаа монголчуудаас коронавирусийн халдвар авсан болон нас барсан хэчнээн иргэн байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. Тэрээр “Гадаадад байгаа монголчуудаас ковидийн халдвар авлаа гэдгээ албан ёсоор Эрүүл мэндийн яам болон хилийн чанадад суугаа манай улсын ЭСЯ-нд хандан мэдэгдсэн 130 гаруй иргэн бий. Үүнээс гурван иргэн нас барсан тухай мэдээлэл байна. Гэхдээ энэ бол зөвхөн бидэнд хандсан хүний тоо. Эрүүл мэндийн мэдээлэл нь хувь хүний нууц байдаг тул иргэд халдвар авсан тухайгаа мэдэгдээд байх хүсэлгүй байдаг. Гадаад харилцааны яамны хувьд хилийн чанадад нас барсан иргэдийн бүртгэлийг хөтөлж, ар гэрт нь зохих дэмжлэг үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн онд гадаадад манай улсын 39 иргэн нас барсан. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо бөгөөд Ковидийн улмаас хил хаасантай шууд холбоотой. Бидний хамгийн сүүлд гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн 87 улсад 172 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. Он гарсаар гадаадад 16 монгол иргэн нас барсан” гэдэг мэдээллийг өглөө.