АНУ-ын Хүнс, эмийн агентлаг эрүүл мэндийн байгууллагуудад хандан “Johnson & Johnson” компанийн үйлдвэрлэсэн, ковид-19 өвчний дархлааг нэг тунгаар тогтоодог вакцины хэрэглээг яаралтай зогсоохыг уриалсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, уг вакциныг хийлгэсэн хүмүүсийн дунд нэн ховор цус бүлэгнэх өвчин илэрч байгаа нь ажиглагдсаны дараа ийнхүү уриалга тавьжээ. “Johnson & Johnson”-ы вакцин тариулсан 6.8 сая хүнд ийм өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэн нь болгоомжлох шалтгаан мөн гэж агентлаг үзсэн байна.
Нөхцөл байдал ийм болсон тул “Johnson & Johnson” компаниас мэдэгдэл гаргаж, Европт хийх нийлүүлэлт хойшилсон гэж зарлажээ.
Өмнө нь “Астра Зенека”-гийн вакцинд үүсч байсантай ижил тохиолдол ийнхүү “Johnson & Johnson”-ы вакцинд тохиолдлоо. Түр зогсол хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Johnson & Johnson”-ы вакциныг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр яаралтай журмаар бүртгэж хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон байдаг. Энэ вакцин нь нэг тун тариад дархлаа тогтоодог, хадгалах тээвэрлэх хэм нь боломжийн зэрэг үзүүлэлтээрээ бусдаас давуу ч хэрэглээ нь “Pfizer-BioNTech”, “Moderna”-гаас харьцангуй хязгаарлагдмал байсан юм.
Илэрсэн гээд байгаа цус бүлэгнэлийн зургаан тохиолдол нь тархины венийн судсанд үүсдэг, эмчилгээний хувьд цус бүлэгнэх бусад өвчнөөс өөр арга шаардлагатай зэрэг нь болгоомжлол төрүүлжээ.
Ковид-19 өвчний шалтгаант цар тахлын батлагдсан тохиолдлын тоо АНУ-д 31 саяд хүрээд байгаа бөгөөд 562 000 хүн нас барсан нь дэлхийд нэгд бичигдэж байгаа юм. АНУ-д вакцинжуулалт үргэлжилж байгаа ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.