Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм. Тэгвэл Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг #METOO хөдөлгөөн болон орон даяар өрнөж эхэллээ.
Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа “…Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.
Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү…” хэмээн УИХ-ын нэгэн гишүүнд их удаан дарамтлуулж буйгаа бичсэн юм. Хэний ч нэр усыг дурдаагүй энэ постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргаж, “би биш” хэмээн зарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "…Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн түүнийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл нь гал дээр тос нэмсэнтэй адил болж нийгмийн сүлжээнд олны бухимдлыг асаалаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ. Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог, бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон бүсгүйчүүдээс иржээ.
Үүнээс үүдэн иргэн дуучин Нара буюу М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ.
Иргэн М.Нарантуяа "Нийгэмд нэг бугласан идээ бээр илэрч шахагдах цаг иржээ.Ажлын байрны бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, завдал, сэдэл хэрээс хэтэрч байгаа үед таслан зогсоох цаг нь одоо юм байна. Уншигчдаас олон чат ирлээ. Бүгд бодит кэйс болохоор нэр хаягийг нь нууцлаад хуваалцахаар шийдлээ.Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ.
Монгол орны өнцөг булан бүрээс #Me_too_Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ. Бүгд хамтдаа тэмцэх болно.
Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон Гаж донтонгууд, Шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё.
Доодохдоо захирагдсан агаа нэртэй дарга, захирал хэн ч бугай нараа!!!! Хүлээж бай!!! Удахгүй хийсэн үйлээ эдлэх цаг чинь ирнэ. Харж л байгаарай!!!
Нар мандаж Харанхуй замхардагийн адилаар Та нарын дүрэмгүй, дээрэнгүй, золбин дээрэмчин шиг үе чинь дууссан шүү….
Жич: Бусдын хүчирхийллийн асуудлыг нийгэмд ярихад цагдаа шалгаж эхэлсэн бол одоо бүр хохирогчид борооны дараах мөөг шиг ар араасаа би ч бас хохирогч байсан гэж гарч ирсээр байхад УИХ-н Гишүүн Анандбазар дээр яахыг харъя.
Хууль шүүх засаглалтай улс мөн үгүйгээ одоо харцгаая нийтээрээ" хэмээн постолсон юм.
Тэрбээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ.
Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.
Мөн иргэн Сүнээ "Хэрвээ та хаа нэг газар хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд байвал " Me too "гэсэн хайштагтай статус бичээрэй. Миний зурагт постны доор комментоор байж ч болно. Хэдий болтол хүчирхийлэгчид ялагч болж хохирогчид ялтан болдог нийгэмд амьдрах вэ!? Та ээж аав ах эгч хүн бид залуу үе үр хүүхэд дүү нартаа цэвэр нийгмийг бүтээж үлдээхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж хүчирхийлэлийг тэвчдэггүй хажуугаар нь чимээгүй өнгөрдөггүй байцгаая" хэмээн энэ хөдөлгөөнийг дэмжин нэгдсэн.
Энэ хөдөлгөөн нийгэм даяар өрнөх нь тодорхой боллоо. Сод монгол шатахуун түгээх станц, Өргөө кино театраар үйлчлүүлэхгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдэл цахим хуудсанаа өрнөж, томоохон групп компанийн захирал ч хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдээд байна.
Хэн хаана хэрхэн яаж Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаарх бичсэн ил түүхүүд, ил мэдээллүүд байгаа энэ үед Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс мэдээллийн мөрөөр охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллах уу?Ажиллах үүрэг нь тэдэнд бий ч эс үйлдлээрээ хууль тогтоогч, чинээлэг иргэн Ц.Анандбазарт “туслалцаа” үзүүлээд өнгөрөх магадлалтай байна.Учир нь саяхан дуучин С.Сэрчмаа, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар ёс бус, садар самуун түүх цахим орчинд ярьсан нь олны дургүйцлийг хүргэж, мэдээллийнх нь мөрөөр ЦЕГ ажиллана гэж мэдээлсэн. Үүнтэй адил олон нийтэд ил нээлттэйгээр хүмүүс хууль тогтоогчийн ёс зүйгүй үйлдлийг бичсээр байхад ЦЕГ мэдээллийн мөрөөр ажиллах эсэх тухайгаа хэлэхгүй таг дуугүй гурав дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна.
Мэдээлэл бичсэн хүмүүсийн түүхийг уншвал зөвхөн Ц.Анандбазарын тухай биш түүний удирддаг байгууллагуудын хууль бус үйлдлүүдийг ч бичжээ.
Хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүнд адил үйлчлэх эсэхийг харах, шаардах үлдэж байна.
Манай Өрөг.мн сайтын редакц бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүдийн мэдээллийг хүлээн авч, таны дуу хоолойг олон нийтэд хүргэж, эх сурвалжаа чандлан нууцлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Та бүхэн манай цахим хаягууд руу болон оффисийн 76002244 дугаараар холбоо барих боломжтой.