2021 оны 4-р сарын 12 буюу өнгөрсөн даваа гарагт Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг, засгийн газрын төлөөлөл “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй төрийн ордонд уулзлаа.
Уулзалт 11:00 цагаас 17:00 цаг хүртэл үргэлжилж, Рио Тинтогийн талаас 10 хүн, Монголын талаас 15 хүн оролцсон байна. Уулзалтын эхэнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түр хорооноос өгсөн чиглэл, удирдамжийг танилцуулж, саналууд хэлжээ.
Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинтогийн зэсийн группийн захирал, Монгол улсын иргэн Б.Болдоос “Та хувийн данснаасаа Б.Бямбасайхан руу төлбөр, мөнгө шилжүүлсэн үү” хэмээн удаа дараа асууж, Б.Болд найрсгаар үгүй гэж хариулж байсан байна.
Өөрөөр хэлбэл уулзалтад Монгол улсын засгийн газар ямар нэг байр суурь илэрхийлж, санал хэлээгүй ба хяналт тавих үүрэгтэй УИХ-ын гишүүд ярьж, санал солилцсоор уулзалт өндөрлөжээ. Цаашдаа УИХ-ын гишүүд хэлэлцээр хийгчид биш, хяналт тавих үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлавал Рио Тинтогийн талд нэгдмэл байр суурьтай харагдаж чадах биз ээ.
Харин Рио Тинтогийн талынхан “харилцан ашигтай ажиллана, ойлголцолд хүрнэ” гэсэн байр сууринаас ярилцаж байсныг эх сурвалж мэдээллээ.
Гэхдээ энэ уулзалт албан ёсны Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээр биш бөгөөд “танилцах үдэшлэг” маягийн энгийн яриа хөөрөөтэй уулзалт болсон байна. Хоёр талын эх сурвалжийн мэдээлж буйгаар албан ёсны хэлэлцээрүүдийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийнэ. Наана нь уулзах, ярилцах ажлууд явна гэв.