/УИХ-ын гишүүн Ц.Анандбазар/
Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм. Постод тухайн хүний нэрийг бичээгүй ч олон нийт Булган аймгаас УИХ-д сонгогдсон, Сод Монгол группийн үүсгэн байгуулагч Ц.Анандбазарыг хэмээн шүүмжилж, тэр дундаа эмэгтэйчүүд Ц.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт учруулдаг, ажилтнаа хүчирхийлсэн зэргээр цахим орчноо бичсээр байна.
/иргэн Б.Сүндэръяа /
Цахим орчинд Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн талаар бичсэн иргэдийн хаяг хуурамч биш байх нь анхаарал татаж байгаа юм.
Хэн хаана хэрхэн яаж Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаарх бичсэн ил түүхүүд, ил мэдээллүүд байгаа энэ үед Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс мэдээллийн мөрөөр охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллах уу? Ажиллах үүрэг нь тэдэнд бий ч эс үйлдлээрээ хууль тогтоогч, чинээлэг иргэн Ц.Анандбазарт “туслалцаа” үзүүлээд өнгөрөх магадлалтай байна. Учир нь саяхан дуучин С.Сэрчмаа, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар ёс бус, садар самуун түүх цахим орчинд ярьсан нь олны дургүйцлийг хүргэж, мэдээллийнх нь мөрөөр ЦЕГ ажиллана гэж мэдээлсэн. Үүнтэй адил олон нийтэд ил нээлттэйгээр хүмүүс хууль тогтоогчийн ёс зүйгүй үйлдлийг бичсээр байхад ЦЕГ мэдээллийн мөрөөр ажиллах эсэх тухайгаа хэлэхгүй таг дуугүй гурав дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна.
Мэдээлэл бичсэн хүмүүсийн түүхийг уншвал зөвхөн Ц.Анандбазарын тухай биш түүний удирддаг байгууллагуудын хууль бус үйлдлүүдийг ч бичжээ.
Хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй, УИХ-ын гишүүнд адил үйлчлэх эсэхийг харах, шаардах үлдэж байна.
Манай Өрөг.мн сайтын редакц бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүдийн мэдээллийг хүлээн авч, таны дуу хоолойг олон нийтэд хүргэж, эх сурвалжаа чандлан нууцлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Та бүхэн манай цахим хаягууд руу болон оффисийн 76002244 дугаараар холбоо барих боломжтой.