Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс иргэдийн ачаалал их байдаг 21-р хороолол болон Таван шарын автобусны буудал дээр очсон юм.
Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна. Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэлээ.
Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Өчигдөр нийтийн тээврээр 110898 зорчигч үйлчлүүлсэн. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр автобусны тоог нэмж байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна. Уг нь хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл энгийн иргэд олноор үйлчлүүлж байгааг онцолсон. Мөн үүнд хяналт тавьж, эдгээрт анхаарсан зохицуулалт хийх ёстойг холбогдох албаныханд санууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС